“МАРСЫН ИРГЭН” киног үзэхээс өмнө ОЙЛГОХ ЁСТОЙ АРВАН ЗҮЙЛ
Posted by Unknown
Posted on 9:50 AM
with No comments
Өнгөрсөн Баасан гарагт буюу аравдугаар сарын 2-нд Мэтт Дэмоны (зохиолын
нэр Уотни) гол дүрд нь тоглосон “Марсын иргэн” кино нээлтээ АНУ-д
хийжээ.
Энди Уэйрын бэстселлэр, уран зөгнөлийн зохиолоор хийсэн уг кино тун
сонирхолтой бүтээл болсон байна. Кинонд Ангараг гаригт орхигдсон сансрын
нисэгчид тохиолдох адал явдлыг үзүүлжээ.
Удахгүй Монголын үзэгчдэд хүрэх энэ киног үзэхээс өмнө дараах
ойлголтуудыг авсан байвал илүү сонирхолтой, бүрэн ойлгомжтой болох юм.
- Ангарагт хэрхэн хүрэх вэ?
Кино эхлэхдээ Ангараг гариг дээр үйл явдал шууд өрнөдөг. Гэвч хүн
төрөлхтөн энэ гаригт хэрхэн хүрэх боломжтой тухай эхлээд мэдэх хэрэгтэй.
Өнөөгийн бидний технологиор Ангараг руу аялахад 6-8 сар зарцуулахыг NASA
тооцоолсон байгаа. Кинон дээр Уотни болон түүний баг уран зөгнөлийн
бүтээл болох Hermes хэмээх хөлгөөр Ангарагт хүрдэг. Ийм удаан хугацаанд
жингүйдлийн нөхцөлд аялахад сансрын нисэгчдэд булчингийн массаа алдах,
яс сийрэгжих гээд олон асуудал тулгарах тул аюулгүй тээвэрлэгч Hermes
шиг хөлөг бүтээхэд маш өндөр зардалтай болох гэнэ.
Мөн сансар огторгуй маш олон янзын хорт цацрагаар дүүрэн байдаг нь хүний эрүүл мэндэд муу нөлөөтэй байдаг.
Энэ бүгдээс хамгаалсан нөхцөлтэй хөлөг бол кинон дээр гардаг Hermes юм.
Одоогоор NASA ийм хөлөг бүтээхээр ажиллаж байгаа ч үр дүнд хүрэхийн тулд
урт хугацаа шаардахаар байгаа юм.
- Ангараг дээр амьдрах…
NASA-гийн өгүүлж байгаагаар:
- Ангараг нь өдрийн турш улаавтар шаргал туяатай харагддаг бөгөөд энэ нь тоостой холбоотой.
- Нар ургах ба жаргах үедээ цэнхэр өнгөтэй харагддаг нь бараг агаар мандалгүйтэй холбоотой.
- Ангарагийн нэг хоног нь дэлхийн хоногоос хэдэн минутын урт байдаг.
- Ангарагийн нэг жил нь манай Дэлхийн хоёр жилтэй тэнцүү. Үүний шалтгаан нь Ангараг нарыг тойрохдоо манай дэлхийгээс илүү хол тойрог замаар аялдагтай нь холбоотой.
- Ангарагийн гадарга дээрх дундаж температур Цельсийн -62 хэм. Өвөлдөө энэ нь -126 хэм хүрдэг бол зун нь +20 хэм орчим хүрдэг аж.
- Ангараг дээрх татах хүч Дэлхийн татах хүчний 40 хувьтай тэнцүү. Тиймээс хүний жин 60 хувь хөнгөн болно. Гэхдээ Саран дээрх шиг ойж буухаар биш.
- Ангараг нь бараг агаар мандалгүй. Манай дэлхийн агаар мандлын нягтын дөнгөж нэг хувьтай тэнцүү. Тиймээс гадаргыг сансрын хорт туяанаас хамгаалах маш хэцүү.
- Шороон шуурга нэг удаа дэгдэхдээ тус гаригийг хэдэн өдрийн турш бүрхдэг.
- Ангарагийн шороон шуурга
Ангараг дээр үе үе шороон шуурга дэгддэг. Заримдаа энэ нь цахилгаан
цахилах хэмжээнд хүрнэ. Маш нимгэн агаар мандалтай тул ийм шороон шуурга
хүчтэй гамшиг учруулдаг. Бүр 160 км/цаг хурдтай шуурдаг байна.
- Ангараг дээрх цаг хугацаа
Өөр тойрог зам, эргэлтийн хурдтай тул Ангараг нь манай дэлхийгээс өөр
цаг хугацааны хэмжүүртэй. Ангарагийн нэг хоног манай Дэлхийнхээс 40
минут урт болдог. Тиймээс кинон дээр Solar day буюу “sol” хэмээх нэгж
ашигладаг. Энэ хэмжүүрийг одоо ч NASA ашиглаж Ангараг дээрх судалгаагаа
явуулдаг байна.
- Ангараг дээрх оромж
Асар майхан хэлбэрийн оромжинд Ангарагийн зочид ихэнх цагийг өнгөрөөдөг ба Mars Lander habitat буюу товчоор “hab” гэж нэрлэдэг.
NASA одоо яг ийм оромжны туршилтын загварыг бүтээж байгаа ба энэ нь
хүчилтөрөгчийн хангамж, усан хангамж, агаар түгжигч зэргээр тоноглогдсон
байх юм. Мөн NASA саяхан ийм оромжны 3 хэмжээст загварын уралдаан
зарлаад байгаа гэнэ.
- Ангараг дээр ургамал тариалах
Кинон дээр Уотни хүнсэнд хэрэглэх төмсийг арчлан ургуулж, хүний
ялгадсаар бордож байгаа нь гардаг. Ангарагийн хөрсөнд ингэх боломж
байхгүй гэдгийг судлаачид баталдаг.
Гэхдээ NASA сансарт ургамал тариалах тал дээр амжилтаа ахиулсаар байгаа.
Энэ оны эхээр Олон улсын Сансрын Станц дээр сансрын нисэгчид анх
удаагаа жингүйдлийн орчинд ногоон сонгино ургуулах туршилт хийсэн юм.
- NASA-гийн Плутоний баттерей
Кинон дээр Уотни радио идэвхит цахилгааны үүсгүүр хэрэглэж байгаа
гардаг. Үүнийг Radioisotop Thermoelectric Generator (RTG) гэдэг бөгөөд
урт хугацааны сансрын аялал хийхэд үүнийг ашиглахаар NASA найдлага тавьж
байгаа.
RTG бол радио идэвхит плутониум-238 материалаар хийгдсэн баттерей юм.
Плутониум нь байгалиасаа байнга задарч урвалд орж байдаг тул үргэлжийн
халалт явагдаж байдаг. Харин түүний гадна талын сав нь энэ халалтыг
цахилгаан эрчим хүч болгон хувиргах зарчимтай.
Мэргэжилтнүүдийн баталж байгаагаар Плутониум-238 нь цөмийн зэвсэгт
ашиглах боломжгүй. Халалт явагддагаас бусдаар бол тийм ч аюултай эд биш
гэнэ.
- Ангараг, Дэлхий хооронд холбоо барих
Ангарагт Дэлхийгээс мессэж илгээхэд 15-20 минут зарцуулдаг. Холбооны
радио сигнал гэрлийн хурдаар яваад хүрч байгаа хурд нь энэ юм.
Ангараг, Дэлхийн хооронд 225 сая километр зайтай. Гэрлийн хурд 300 сая
м/секунд орчим. Киноноос энэхүү физикийн хуулийг хэрхэн хэрэгжиж байгааг
харж болох юм.
- NASA-гийн Ангарагт илгээсэн хөлгийн тухай
Кинон дээр Уотни NASA-тай холбоо барих аргагүй болсны дараа 1990-ээд онд
NASA-гийн Ангарагт илгээж байсан Pathfinder хөлгийг ухаж олж байгаа нь
гардаг. Бодит амьдрал дээр ийм хөлөг NASA илгээж байжээ.
Тэр уг хөлгийн роботыг засаж ажилд оруулаад Дэлхий дээр байгаа ижил загвараар нь дамжин NASA-тай холбогддог байна.
Бодит амьдрал дээр NASA бүтээсэн хөлөг бүрийнхээ яг ижил загварыг давхар
бүтээж, хөөрсөн хувилбар дээр асуудал үүсэхэд ашиглаж алдааг нь олдог
аж.
NASA-гийн хэлж байгаагаар бодит амьдрал дээр, Pathfinder-ын ижил загвар
нь дэлхий дээр хадгалагдаж байгаа ч холбоо барихын тулд түүний “тоосыг
нь арчиж асаах хэрэгтэй” гэсэн байна.
Онолын хувьд кинон дээрх шиг үйл явдал өрнөх боломжтой гэнэ.
- NASA-гийн Jet Propulsion Lab-ын жинхэнэ түүх
Уг киноны гол хэсэгт Caltech-ын хэсэг оюутан дотуур байрандаа санаандгүй
дэлбэрэлт хийсний дараа NASA-гийн Jet Propulsion Lab лабораторийг
байгуулж байгаа тухай гардаг.
Энэ бол үнэн түүх. 1930-аад оны үед “пуужингийн залуус” нэртэй хэсэг
оюутан өөрсдийн пуужинг туршиж байгаад дотуур байраа дэлбэлжээ. Үүний
дараа тэд Caltech-ын оюутны хотхоноос хөөгдөж, өөрсдийгөө “Амиа
хорлогсдын клуб” гэж нэрлэх болсон байна.
Азаар тэд энэ нэрээ батлан харуулаагүй бөгөөд маш сайн пуужингийн зохион
бүтээгчид болжээ. Сүүлдээ тэд Caltech-тээ эргэн ирээд дараа нь дахиж
гарахдаа харин өөрийн лабораторийг байгуулахаар явжээ. 1940-өөд онд тэд
санхүүжилт олж албан ёсны нэрээ авсан нь Jet Propulsion Lab юм байна.
Labels:
Кино Ертөнц
0 comments:
Post a Comment